Би уучилсан

Hi all. Энэ өдрийн мэндийг хүргэе. Би уучилсан гээд их гоё шүлэг оруулж байна. Энийг ма нэг найз бичсэн юм. Нэр ус битий тавиарай гэсэн болохоор тавьсангүй. Заавал орж сонирхоорой.


Би уучилсан

Цэцэг цэцгийн өнгөнд шунан хөөрсөн эрвээхэйн занг уучилсан

Цэнхэр манантай намраа мэнд л байгаасай гэж залбирсан

Цаг цагийн аясаар урваж нүүсэн шувуудыг ч бас уучилсан

Цаадхан далайдаа очоод жаргаад л ирээсэй гэж ерөөсөн

Би уучилсан

Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүнийг уучилсан

Гишгэсэн мөр бүхэнд минь аз тохиодгүйг ойлгосон

Гэгээ татуулж явахад минь атаархсан танил хүмүүсээ уучилсан

Гэрэл байгаа газар сүүдэр байдгийг ухаарсан

Би уучилсан

Намайг гомдоож зүрх зүссэн хэн бүхнийг уучилсан

Яахав дээ хүн л юм чинь гэж цагаатгасан

Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч бас уучилсан

Яалтай ч билээ дээ тэнэгхэн залуу нас минь гэж цайруулсан

Би уучилсан

Уучлахгүй гэвч зүрх эмтрээд байхаар нь

Уужимхан хорвоо гэвч тавчидаад байхаар нь

Цөмийг нь би уучилж орхисон

Цээжин цаана минь хайр ундарсан

Би уучилсан

1 comment:

  1. ямар гоё шүлэг вэ :) ёстой авьяастай юмааа

    ReplyDelete