ДОХ-той донорын цусыг 14 хүнд сэлбэснийг ЭМЯ нууж байна. ДОХ-той цусны донортой байснаа Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрлөө


-Тэдний олонх нь хүүхэд. Эцэг, эхчүүд энэ тухай огт мэдээгүй-
ДОХ-ын халдвар тээгч донорын цусыг есдүгээр сарын 25-наас 30-ны хооронд 14 хүнд сэлбэсний олонх нь хүүхэд юм байна. ЭМЯ-ны эмнэлгийн тусламж хариуцсан эмч, мэргэжилтнүүд энэ талаар салбарын сайдтай зөвлөлдсөн ч мэдээллийг нууцлахаар санал нэгдсэн нь түгшүүр төрүүлж байгаа юм.

ДОХ-ын халдвар тээгч иргэн "Цусны төв"-д цусаа нийлүүлдэг байнгын донор байжээ. Түүний хамгийн сүүлд өгсөн цусыг 14 хүнд сэлбэсэн бөгөөд хамгийн сүүлчийн шинжилгээгээр цусаа өгсөн донор ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогджээ.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж хариуцсан зөвлөл энэ асуудлыг хэлэлцэхэд удирдлагуудын зүгээс эрх бүхий албан тушаалтан "Аз болоход өмнө нь өгсөн цус /14 хүнд сэлбэсэн/ ДОХ-ын халдвар аваагүй байх үеийнх л байгаасай гэж залбирах байна" гээд тэднээс цусны шинжилгээ авч эмнэлгийн хяналтад байлгахыг үүрэгджээ.

Цусаа сэлбүүлсэн 14 хүн, тэдний ар гэр өнөөдөр энэ талаар юу ч мэдэхгүй. Салбарын яам энэ байдлыг нууж байгааг Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авна гэдэгт найдъя.

ЭМЯ-ны удирдлагууд "Аз болоход ДОХ-ын халдвар аваагүй байх үеийн цусыг сэлбэсэн байгаасай" гэж байгаа бол нууцын зэрэглэлтэй зөвлөлгөөнд оролцсон зарим эмч, мэргэжилтэн удирдлагаасаа өөр байр, суурьтай байсныг эх сурвалж хэлж байгаа юм.

ДОХ-ын халдвар тээгчид "цонх үе" гэж бий. Тэр нь халдвар авсны дараах үе буюу шинжилгээгээр илэрдэггүй тодорхой хугацаа юм. Тухайн хүний биеийн эсэргүүцэл, дархлаажилтаас шалтгаалан халдвар илрэхгүй байх нь бий.

Тухайлбал, халдвар тээгчдийн 98 хувь нь гурван сарын дотор шинжилгээгээр илэрдэг бол дархлаа сайтай, эсвэл антибиотик их хэрэглэдэг хүнд 6-12 сарын дараа илрэх тохиолдол ч байдаг. Үүнээс дүгнэхэд дээрх донорын цусыг халдвар аваагүй байх үеийнх гэдгийг батлах аргагүй, үүнийг тогтоох лаборатори ч манайд алга. Нэгэнт уг өвчний вирүс тээгчээр дамжуулан цус сэлбүүлсэн л бол ДОХ-ын халдвар авсан нь тодорхой гэдгийг энэ салбарынхан тайлбарладаг билээ.

ДОХ-ын халдвар тээгч донор нь Монголд хэд дэхь тохиолдол гэж бүртгэгдсэн нь тодорхойгүй юм. Гэхдээ түүнийг ДОХ-ын 81 дэх тохиолдол байх магадлалтай гэж хэлэх хүн цөөнгүй байна.

Дэлхийн жишигт цусны төвүүдийг Улаан загалмайн байгууллага хариуцаж, энэрэнгүй үйлс, сайн дурын үндсэн дээр донорууд цусаа хандивлаж иржээ. Харин манай улсад эсрэгээрээ "Цусны төв"-ийг ЭМЯ-ны харьяанд байлгаж грамм тутмыг нь мөнгөөр тооцож ирсэн нь амьдралын төвшин доогуур иргэд болон оюутан залуус өвчтэй эрүүл хамаагүй мөнгө олохын тулд цусаа өгч ирсэн тал бий.

Эрүүл мэндийн салбарт халдварт өвчний тархалтыг нууж, хаасан гэсэн мэдээлэл дуулдаж байгаа нь ганц энэ биш. 2009 оны аравдугаар сард А хүрээ-ний Н1N1 вирүсийн халдвар тархаж 31 хүний аминд хүрсэн. Зарим эмч, мэргэжилтний зүгээс "Халдварт вирүс 2009 оны гуравдугаар сард Монголд орж ирснийг ЭМЯ нуусаар хүчрэхгүй болонгуутаа олон нийтэд мэдэгдсэн" хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байр, сууриа илэрхийлсэн удаатай.

Ч.Үл-Олдох

Дөнгөж сая Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлээр шуугиан тариад буй ДОХ-той донорын талаарх мэдээлэлд няцаалт хийлээ.
Гэхдээ энэхүү хэвлэлийн хурлаар ХДВХ/ДОХ-ын халдварын 80 дахь тохиолдлоор цусны төвийн байнгын донор бүртгэгдсэн гэдгийг няцаагаагүй бөгөөд харин тэрхүү вирүс тээгчийн цусыг 14 хүнд юүлсэн гэх мэдээлэлд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
ЦССҮТ-ийн захирал П.Улаанхүүгийн мэдээлж буйгаар энэхүү 80 дахь тохиолдол нь тус төвд 2-3 жил үйлчлүүлж байсан байнгын донор байжээ.
Түүнийг ДОХ-ын вирүс тээгч гэдгийг энэ оны наймдугаар сард шинжилгээгээр тогтоосон. Харин түүний цусыг 14 хүнд сэлбэсэн гэдэг нь худал мэдээлэл хэмээн үгүйсгэсэн юм.

Мөн тэрбээр манайх доноруудаа байнгын хяналтанд байлгадаг, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, 70 орчим оронд нэвтэрсэн шинжилгээний арга барилыг нэвтрүүлсэн учраас ямар ч асуудал гарах учиргүй хэмээн нэмж хэллээ. Тэд шинжилгээгээр уг донорыг ХДХВ/ДОХ-ын вирүстэйг нь баталгаажуулж тогтоосны дараа түүний өгсөн цусыг устгалд оруулж ариутгасан гэв. "Энэ бүхнээ юугаар батлах вэ" гэсэн сэтгүүлчдийн асуултанд "Донорын цусыг устгалд оруулсан гэх баримт бичиг байгаа. Хүсвэл сонирхож болно" гэж ХӨСҮТ-ийн дэд дарга н.Цэрэнханд хариулсан юм.
Тэрбээр энэ хугацаанд донороос ДОХ-ын вирүс илэрсэн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээллээгүй нуун дарагдуулсан шалтгаанаа тайлбарлахдаа "Бид ДОХ-ын тохиолдол илрэхэд тухайн хүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгдөггүй. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой асуудал. Учир нь энэ бүхний цаана хүний амьдрал шийдэгдэж байдаг. Түүнчлэн донороос ДОХ илэрсэн гэдгийг бид мэдээлэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл бид тухайн хүнийг ДОХ-ын вирүстэйг нь илрүүлж халдвартай цус бусдад юүлэгдэхээс сэргийлж чадсан" гэв.
Хэрвээ ДОХ-ын вирүстэй донорыг "цонх үе"-дээ буюу далд хэлбэрт байх үед нь цус авч бусдад хийсэн  бол яах вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд ХӨСҮТ-ийнхэн "манайх тухайн өвчтнийг ДОХ-ын вирүс цонх үедээ байх үеийг шинжлэн тогтоох нарийн шинжилгээний лобараторитой. Тиймээс хэвлэлээр цацагдаж буй мэдээлэл ор үндэсгүй ташаа мэдээлэл" гэлээ.

Мэдээг: www.tulhuur.com-оос авав.

No comments:

Post a Comment