Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлс


За нөгөө Баабар гээд ахын нэг бичсэн өгүүллэгийг толилуулж байна. Би өөрөө Баабар гэдэг хүнийг сайн мэдэхгүй. Гэхдээ энэ дээр захим нэг сонирхолтой юм байгаа болохоор блогтоо нийтэлж байна. Их сонирхолтой тоо баримт байна.

Баабар саяхан “Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлс” гэсэн нэгэн ноцтой өгүүлэл бичив. Би хувьдаа түүнийг хүндэтгэж, санал нийлэхдээ нийлчихээд, хааяа зөрөхдөө зөрчихөөд л явж байдаг хүний нэг. Гэхдээ түүний энэ өгүүлэл бидний хувь заяатай хэтэрхий их холбоотой, бас гутранги үзэл, идэвхигүй байдлыг илт номлосон учраас арга буюу үүний эсрэг өөрийн үндэслэлийг гаргаж байна. Ганцхан зүйл гуйхад уншигчид Баабарыг битгий хараагаад байж үзээрэй. Яагаад гэвэл би түүнийг хүнийх нь хувьд огт үнэлж дүгнэх гээгүй, бусад үйлдлүүдийг нь шүүн цэгнэх гээгүй, ердөө л түүний энэ ганц өгүүллийг тойруулан асуудлыг хөндөж байна. Ер нь “юм бичдэг” хүний нэг өгүүлэл нь “муу” байлаа гэхэд бусад нь бүгдээрээ муу муухай, тэр ч байтугай бичсэн эзэн нь адгийн амьтан болчихож болохгүй биз дээ. Ингээд би Баабарын хэлснийг тод хараар ялгаж, дагаж тайлбарлах нь илүү зохимжтой гэж бодож байна.

Баабарын “статистик”

…Эдийн засгийн социалист харилцаа нь дундат зууны хоцрогдолтой байсан манай орныг үйлдвэржүүлж, хотжуулж, хүн амыг эрүүлжүүлж, боловсролыг бүх нийтийн болгосон үнэнийг хэн ч үгүйсгэх аргагүй. Ялангуяа 1960-аад онд зохиогдсон соёлын довтолгоо нь нүүдлийн хоцрогдсон орныг ХХ зууны энд хүргэж өгсөн. Хүн болгон мэдэх энэ түүхэн үнэнийг Баабар тэргүүтэн 20 жилийн турш үгүйсгэж, цаг ямагт буруу замаар явж ирсэн хэмээх үзэл онолын голлох үзэл сурталч болж байсныг өөрийнх нь үй олон бүтээл гэрчилнэ. Энд иш татах, сануулах нь дэндүү илүүц хэрэг болно. Миний хувьд социализмыг огтхон ч өө сэвгүй байсан гэж нотлох гээгүй, харин монголын “ардчилал” бүрэн мухардалд орж, олон талаараа социализмаасаа ч долоон дор болсон гэдгийг бол бүрэн нотолж чадна.

Сүүлийн хорин жилийн амжилт бол харин юун түрүүн монголчуудын хүчин зүтгэл, хөдөлмөрийн үр дүн билээ.
Тэгвэл Баабарын саяхан дурдсан социалист амжилт хэний хөдөлмөрийн үр дүн юм ? Хоньчин Цогтгэрэл, Намхайнямбуу, ажилчин Амгалан, Гүнжинлхам зэрэг олон мянган эх орончийг тухайн үед шууд хэлээгүй боловч Та “тэнэг” л гэсэн биз дээ. “Шударга хүнээр зөвхөн манаач хийлгэдэг” гэсэн афоризм анх хэнээс гарсан юм ?! Баабар энэ үеийг бүхэлд нь буюу өмнөх үеийнхний хийсэн бүх зүйлийг ердөө л нулимж байсан бус уу.

Ер нь бол энэ өгүүлэл Монгол Улс зөвхөн сүүлийн 20 жилд л хөгжиж байгаа гэдгийг “нотлох” гээд үзэл санааны мухардалд орсны тод илрэл болж байна. Цаг хугацааны том хэрчимд бол монголчууд хамгийн азтай байсныг манай газрын зураг өөрөө гэрчлээд өгнө. Ер нь бол өнгөрсөн ХХ зуунд дандаа “жаргаж” байсан улс орон ганц ч байгаагүй.

Хорвоо урагшилж байгаа болохоор…адилхан шилжилт хийж буй 40 гаруй оронтой харьцуулахад амжилттай гэж хэлж болохуйц үр дүнтэй байгаа юм.
Дэлхий дээр 200 гаруй улс байдаг. Социализм нурж, ардчилал эхэлсэн 1989 онд НҮБ-ын мэдээллээр БНМАУ дэлхийд 72 дугаарт жагсдаг байсан. Одоо 170 -180 дугаар байранд байгаа. Энийг чинь ямар ч тэнэг хүн ухарч хойшилсон гэнэ биз дээ. Мэдээж ахиж дэвшсэн үзүүлэлт байлгүй яахав, гэхдээ нийгэм дандаа дэвшиж (прогресс) байдаг биш, харин бууран доройтож (регресс) болдог гэдгийг нотлоод мөн ч олон жил болж байна.

Би монголын нийгэм төрийн систем задралд орж, төрийн удирдлага бүрэн алдарсан учраас бууран доройтсон гэж дүгнэж байна.

Нийгмийн тун цөөн хэсэг нь хуримтлалтай байсан ба хамгийн дээд рекорд тогтоогч нь тэр үеийн ханшаар бодоход 30 мянган долларын хадгаламжтай байлаа. 2008 онд болсон эдийн засгийн хямралын үеэр монголчуудын дотоодын банкинд хадгалуулсан хуримтлал 4 триллион төгрөгт хүрсэн байлаа.
Одоо монголын нийт хадгаламж эзэмшигчдийн 97 хувь нь 10 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай, үлдсэн 3-хан хувь нь “томчууд” байгаа гэдгийг УИХ-д албан ёсоор мэдээлсэн. Одоо манай банкнуудын нийт актив 4,089,955,1 сая төгрөг байгаатай харьцуулаад үзэхэд бүх асуудал ойлгомжтой. 100 хүнээс ердөө л 3-хан нь “цатгалан”, үлдсэн 97 нь өлөн зэлмүүр юм уу, өлсгөлөн байхыг дэвшил гэдэг юм байж.

1990 онд манай дундаж цалин 5 доллар байсан бол өнгөрсөн жил анх удаа олон жилийн мөрөөдөл болсон 300 доллар дундаж үзүүлэлт боллоо. Хөдөлмөрийн доод орлогыг төрөөс яг 100 доллароор тогтоов… Сүүлийн арван жилд нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ 4 дахин өссөн нь дэлхийд маш том үсрэнгүй үзүүлэлт юм.
Энд Баабар сүүлийн 20 жилд монголчууд 60 дахин баян болсон гэж шууд нотолж байна. 3-хан хувь баячууд болон 97 хувь болох дундчууд болон ядуучуудынхаа орлогыг “нийлүүлж” нэмж байгаад шууд л нийт хүн амдаа “хуваахаар” ийм тоо гардаг юм. Хэрэв эдийн засаг ярьж хүн амын орлогыг хэлж байгаа бол зарлагыг ч мөн адил ярих зарчимтай. Яагаад энийг ярихгүй байгаа нь их хачирхалтай. Амьдрал үнэхээр хэцүүдэж байгааг амтай болгон ярьж байна. Хүн бүхэнд тодорхой байгаа зүйлийг урвуугаар “нотлох” нь гэмт явдал болно.

Социализмын төгсгөлөөр Улаанбаатарт нийтдээ 3 мянган автомашин хөдөлж байсны ердөө нэг зуу нь хувийнх байлаа. Одоо Улаанбаатар 150 гаруй мянган автомашинтай болжээ. Энэ өсөлт бол харин үнэн. Гэхдээ 1990 онд Монголд 43792 автомашин, үүнээс 7962 суудлын автомашин байсан. Харин 6660 хувийн автомашин байсан юм. Өсөлтийг тоо дарах аргаар “нэмэгдүүлж” огт болохгүй, тэр тусмаа хүн бүхэн мэдэж байхад.

Монголд одоо хоёр сая гар утас ашиглалтанд байна.

Хүн төрөлхтний нийтлэг амжилтыг ганцхан монголын “ардчиллын амжилт” болгож болохгүй байх. 20 жилийн өмнө АНУ болон Баруунд ч гэсэн гар утас нэг их байгаагүй.

Статистик монгол хүн өдөрт 2600 ккалори хоол идэж байгаагийн дотор жилээр бодоход зуун кг мах ноогдож буй нь дэлхийн хамгийн сайн үзүүлэлтийн нэг.
Уг нь хүний идэх хэмжээ огт өөрчлөгддөггүй. Баабар бид хоёр идээд идээд өдөрт 5 кг мах, 10 кг гурил огт идэж чадахгүй нь мэдээжийн хэрэг. Энэ чинь тэгээд ардчиллын амжилт юм биз дээ. Монгол хүн социализмын үед цагаан хоолтон шахуу байж байгаад ардчиллын үед дэлхийн хамгийн сайн “махчин” болсон гэж нотлох нь утгагүй асуудал. Харин 1989 онд 839,1 мянган тн үр тариа хураан авч байсан бол 2009 онд 391,7 мянган тн болжээ. Атрын аян маян хийгээд олсон амжилт нь энэ л дээ. Бид чинь махнаас гадна бас гурил иддэг юм байгаа биз дээ. Бусад үзүүлэлтийг би удахгүй жичид нь ярина.

Дундаж наслалт 3-5 жилээр сунаж, ой хүртлэх хүүхдийн эндэгдэл хэд дахин буурчээ.
За боль доо. 1989 онд 73953 хүүхэд төрж байсан бол 2009 онд 68544 болж буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 1989 онд 36,5 байсан бол 2009 онд 25,1 болсон. 1000 хүнд ногдох хүн амын ердийн цэвэр өсөлт 1989 онд 28.0 хувь байсан бол 2009 онд 19,4 болж буурсан. Үр хөндөлтийг ямар ч хяналтгүй хийхээр чинь хүүхдийн эндэгдэл буурч, хүн ам нийтдээ залуужихаар дундаж наслалт бага зэрэг өсдөг юм байгаа биз дээ.
За нэг иймэрхүү аргаар “ардчиллын амжилт”-ыг харуулах гэвэл огт боломжгүй.

“Ардчиллын” зарим статистик
Нийгмийн өсөж уруудаж байгааг статистик болон бусад судалгааны цогц үзүүлэлтүүдээр нотлодог боловч Баабар шиг ингэж оочин цоочин авах нь “тархи угаах”-аас өөр юм биш. Уг нь би 1989-1990 болон 1999 оны статистик үзүүлэлтүүдийг харьцуулан ардчиллын 10 жилийн ойгоор нийтэлж байсан юм. Бүгдээрээ шахам “амжилтын өвчтэй” байсан болоод уншсан хүн бараг байхгүй. Удахгүй 20 жилийн харьцуулалтыг уншигчиддаа толилуулна гэдгээ амлаж байна. Эрэгцүүлэхэд их сонин байдаг юм. Энэ удаад Баабарын “мэдээгүй” буюу “мартсан” зарим нэг тоо баримт дурдая гэж бодож байна.

Миний судалгаагаар монголчууд бид жилд ердөө л 80 орчим өдөр “ажилладаг” юм. Энэ нь жилийн нийт өдрийн 20 орчим хувь болдог. Харин “жаргана цэнгэнэ” гэдгийг ч ёстой үзүүлээд өгнө шүү дээ.

Өнөөдөр манайд 450 гаруй аялал жуулчлалын компани, 10500 ор бүхий 425 зочид буудал, 537 дэн буудал, 255 жуулчны бааз, 155 амралтын газар, жуулчин тээврийн үйлчилгээний 10 гаруй байгууллага ажилладаг.

2007 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотод л 1665 буудал, сауна, бар, караоке, диско цэнгээний газар байдаг. Энд 6000 гаруй биеэ үнэлэгчид байдаг ч энэ нь ихэд дарсан тоо юм. Харин улсын хэмжээнд 19000 биеэ үнэлэгч, 10000-11000 бэлгийн ижил чиг хандлагатай хүн байдаг болсон. Хар тамхи мансуурах бодис хэрэглэх зуршилтай 900-аад хүн буйгаас гадна энэ нь томоохон сүлжээ болсон.

Эдүгээ архи болон согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүр, мини болон супермаркетын тоо 3800 гаруйд хүрсэн байна. Үүний дээрээс сар тутам 120-150 дэлгүүр архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргадаг.

1989 онд улсын хэмжээнд 6614 гэмт хэрэг гардаг байсан бол 2009 онд 20373 болжээ. Гэмт хэргийн тоог 5-8 дахин дарагдуулдаг нь олон судалгаагаар нотлогдсон байдаг.

1989 онд улсын хэмжээнд нийт 87 хүн амины хэрэг гарч байсан бол одоо 3000 хол гараад явж байна. Бараг дайн болж байна ш дээ, наана чинь ?! Энэ бас дэвшил үү ?!

1991-2006 оны гүйцэтгэлээр Монгол Улс 18 орон, олон улсын байгууллагаас 1 млрд 661 сая ам.долларын зээл авчээ. Мөн 1991 оноос хойш 20 орон, олон улсын байгууллагаас 1 млрд 620 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан байна. Үүний дэргэд Орост төлсөн 250 сая ам.долларын өр ёстой хүүхдийн тоглоом байхгүй юу.

Баабар хэдэн жилийн өмнө “Айл гэр болж тоглох амархан, айл гэр болох хэцүү” гэж айлдаж билээ. Эдгээр тоо баримтууд бол “ардчилал” болж тоглосны чинь бодит үр дүн мөн. Одоо ёстой ахиж “тоглуулахгүй”.

No comments:

Post a Comment